Шинэ он солигдож, шинэ загварын шуугиан дэлхийн загварын ертөнцийн сонорыг мялааж буй энэ үед Монголчууд бидний загварын чиг хандлага хаашаа хандах вэ?... Дэлхийн томоохон брэндүүдийн өнгө, загвар дизайн манайх шиг жижиг оронд хүчтэй нөлөөлдөг нь нууц биш. Тэгвэл 2015 онд мөн л бид дэлхийн томоохон загвар зохион бүтээгчдийн шийдлийг дагах болов уу. Өнгөрсөн жилүүдэд “Versace”, “Channel”, “Louis Vuitton”, “Christian Dior” зэрэг алдартай брэндийн загварууд ганц манай гэлтгүй олон улсын залуусын загварыг тодорхойлдог байсан гэвэл буруудахгүй.
Солонгосын цуврал кино телевизүүдээр гарахад залуус үсээ солонгос хэв маягаар засч, эзэгтэй нар ч гэрээ тохижуулах гэж солонгос барааны дэлгүүр зорих болсон. Хотын гудмаар солонгос стильтэй залуус олширч монголчуудын амьдрал солонгос хэв загвар руу хэлбийсэн гэхэд хилсдэхгүй. Орон нутгаас ирсэн шинэ оюутнууд ч хүрээний залуусаас хоцрохгүйг хичээн хөлөө барьсан нарийн шуумагтай өмд, багадчихсан мэт харагдах богино ханцуйтай цамц хүрмээр гоёх болсон.
Харин зарим залуусын хувьд дэлхийн хамгийн “лаг” тодорхойлолттой брэндийн цүнх, гутал, хувцсаар гангарч үеийн найзууддаа гайхуулж байсан үе ч бий. Тэгвэл гадаадын давалгаанд автах үзэгдэл 2014 онтой цуг ард үлдэнэ гэж загварынхан хэлж байна. Дэлхий ертөнц глобалчлагдахын хэрээр монгол залуучуудын сэтгэлгээ үндэсний гэх ойлголт үнэ цэнэтэй болсон гэдгийг тэд тодотгов. Залуус үндэсний хувцас үндэсний үйлдвэрлэл, үндэсний хээ, өнгө, төрхийг харуулсан загварыг сонирхох болсон гэнэ. Монгол дизайнерууд ч өөрсдийн үндэсний брэндийг дэлхийн томоохон загварын наадмуудад танилцуулж эхэлжээ. Дэлхийн томоохон дизайнерууд өөрсдийн гэрээ байгуулсан брэнд, компаниудын өнгө үзэмжийг тодорхойлсон загвар урладаг байсан бол 2015 онд өөрсдийн дотоод ертөнцийг загвартаа тусгах болсныг “fashion” сонирхогчид андахгүй биз ээ. Тиймээс 2015 оны монгол загварын чиг хандлага хаашаа хандаж буйг дараах гурван дизайнераас бид тодруулсан юм.
Дизайнер Ариунаа Сүри: Үндэсний хэв маяг өдөр тутмын хувцсанд ч нэвтрэнэ
-Таны хувьд ямар өнгө, загварыг 2015 онд онцлох вэ?
-Манай загварын хувьд илүү их гар ажиллагаа, илүү олон нугалаас орсон загваруудыг шинэ ондоо оруулж ирсэн. Жаахан онцгой гэх үү дээ. Олон хүн сонирхох загвар биш ч гэлээ манай брэндийг хүндлэж хэрэглэдэг хүмүүст зориулсан гэж хэлж болно. Трэнд өнгөө аль нэг өнгөөр тодорхойлоогүй. Ер нь олон өнгө гэхээсээ илүүтэй цөөхөн өнгөтэй байх болов уу. Байгалийн зөөлөн өнгийг барьж ажиллана
-Олон улсын наадамд оролцож өөрийнхөө коллекцийг танилцуулсан хүний хувьд дэлхийн загварын чиг хандлага хаашаа чиглэж байгааг бидэнтэй хуваалцахгүй юу?
-Миний анзаарснаар дэлхийн томоохон дизайнерууд өөрсдийн гэсэн өвөрмөц загварыг бүтээл дээрээ гаргахыг зорьж байгаа юм болов уу гэж анзаарсан. Энэ жилийн хувьд дизайнерууд илүү дотогшоогоо өөрийнхөө би гэдэг зүйлийг гаргаж загвартаа оруулж байгаа ажиглагдсан. Дэлхийн томоохон шүүмжлэгчид энэ жилийн загварын чиг хандлагыг янз янзаар л дүгнэсэн байна лээ. Мэдээж нэг хүний, нэг сэтгүүлийн дүгнэлтээр дэлхийн загварын чиг хандлагыг дүгнэж болохгүй шүү дээ. Үнэндээ дэлхийн загвар шүүмжлэгчид олон янзын л дүгнэлт хэлсэн байна лээ. Жишээ нь нэг нь тод өнгө давамгаалж байна гэсэн бол зарим нь энгийн загвартай, завсрын өнгө давамгаалж байна гэдэг ч юм уу.
-Таны таамаглаж байгаагаар 2015 онд манай Монгол залуучуудын загварын сонголт ямар чиглэл рүү хандах бол?
-Манай Монголын нилээд хэдэн дизайнерууд гадаадад өөрсдийнхөө загваруудыг танилцуулаад байгаа. Хүмүүсийг Монгол стилиэр энэ хувцсыг ингэж өмсчихөж болох юм байна даа гэсэн чиглэл рүү их хөтөлсөн болов уу. Анх бүгд л Монгол загварыг орчин үеийн хувцасны загвартай хослуулахыг боломжгүй гэж ойлгодог байсан шүү дээ. Харин одоо залуучууд маань үндэсний хэв маяг өдөр тутмын хувцсанд энгийн хэлбэрээр орж болохыг ойлгосон юм шиг санагдсан. Тийм ч учраас залуус 2015 онд үндэсний хэв загвараар илүү хувцаслах болов уу гэж бодож байна. Материалын хувьд байгалийн гаралтай материалыг илүү сонгох байх.
Дизайнер Г.Дамдиндулам: Үндсэн өнгөтэй, уламжлалт загвартай дээлээр гоёорой
“Mongol costumes” төвийн үндэсний хувцасны дизайнер Г.Дамдиндулам өөрийн мэргэжлийн дагуу дараах зөвлөгөөг өгч байна.
-2015 оны үндэсний хувцасны загварын чиг хандлагыг та хэрхэн тодорхойлох бол. Өнгө загвар, дизайнын хувьд шүү дээ?
-Монгол үндэсний хувцас бол өөрийн гэсэн маш том онцлогтой. Бусад улс орны үндэсний хувцастай харьцуулахад нэлээд ялгаатай. Монголын үндэстэн ястнуудын хувцас бүр өөр өөрийн өвөрмөц загвартай байхын дээр эрс тэс цаг уур, нүүдэлчин соёлд нийцсэн хувцас шүү дээ. 2015 оны хувьд үндэсний хувцасны чиг хандлага уламжлалт загвар руугаа хандаж байгаа нь ажиглагдлаа. Хүннү дээл, мөөрөлжин захтай дээл гэхээсээ босоо захтай, энгэртэй дээл эрэлттэй байна. Мөөрөлжин захыг цөөхөн сонирхсон хүмүүс хийлгэж байх жишээтэй. 20 дугаар зуунд байсан дээлний загварыг ихэнх хүмүүс захиалж байгаа ажиглагдсан. Хантаазны хувьд хэрэглэгчид тийм ч их сонирхохгүй байгаа бололтой. Дан монгол дээлийг цэвэрхэн хийцтэй хийлгэж өмсөх сонирхолтой байна. Өнгөний хувьд их гэгээлэг, сайхан өнгийг сонгож байна. Нэг хэсэг завсрын өнгөтэй дээл гэж туйлширдаг байсан бол одоо харин эсэргээрээ болсон байна л даа. Мөн залуус маань үндэсний хувцасны жижиг элемент агуулсан ажил хэрэгч болон өдөр тутмын загварын хувцас өмсөхийг илүүд үзэх болжээ. Манай төвийн зүгээс ч мөн ажил хэрэгч залуусдаа зориулсан үндэсний хэв маягтай ажил хэрэгч хувцасны загварын хувцасны захиалга авах болсон.
-Монгол түмний маань том баяруудын нэг Цагаан сар ойртжээ. Үндэсний хувцасны дизайнер хүнтэй уулзсаных Цагаан сарын гоёлын тухай асуухгүй байж болохгүй. Удахгүй болох Цагаан сарын гоёлоор ямар дээлийг та өөрийнхөө зүгээс санал болгох вэ?
-Миний бодлоор өөртөө сайхан зохисон дээл сонгох хэрэгтэй. Өнгө загварын хувьд ч мөн тухайн хэрэглэгчид зохицсон бол гоё харагдана шүү дээ. 2014 онтой харьцуулахад дөрвөлжин энгэртэй дээл хэрэглэгчдийн анхаарлыг нилээд татаж байгаа. Мөөрөлжин, Хүннү энгэртэй дээлийг тэр болгон хүн хийлгэхгүй л байна. Харин өнгөний хувьд үндсэн өнгө их голлож байгаа учраас үндсэн өнгөтэй уламжлалт загвартай дээлээр гоёорой гэж хэлье дээ. Ер нь манай үндэсний хувцас ямар ч материалаар хийсэн, ямар ч загвартай байсан Монгол хүн учраас таньд зохино л гэж хэлмээр байна. Одоо цагт дээр үеийнх шиг материал олдохгүйн зовлон байхгүй шүү дээ. Тиймээс ямар ч материалаар хийсэн байсан үндэснийхээ хувцсаар өөртөө зохисон дээлээр гоёорой гэж хэлмээр байна даа. /Инээв/.
Дизайнер Э.Алтанзул: Монголын нөхцөлд дэлхийн трэнд зохихгүй
“S tulipano sarto” компаний захирал Э.Алтанзулыг хүмүүс ажил хэрэгч хувцасны залуу дизайнер гэдгээр нь андахгүй. Түүнээс ажил хэрэгч хувцасны хэв маягийн талаар цөөн асуултад хариу авлаа.
-Ажил хэрэгч хувцасны 2015 оны дэлхийн трэнд хаашаа чиглэж байна вэ?
-Яг монголын нөхцөлд дэлхийн трэндийг чирж авчирах нь зөв биш юм шиг надад санагддаг. Тухайн орны ажил хэрэгч хувцасны трэнд нь тэр орныхоо л хүмүүсийн онцлогт тохирсон байдаг болов уу. Жишээ нь Европын орнуудад цагаан өнгийн пальто трэнд боллоо гэхэд Монголын нөхцөлд нэг хоног л өмсөнө гэх мэт тухайн орон оронд тохирсон трэнд байх ёстой юм шиг санагддаг. Гэхдээ мэдээж дэлхийн төвшинд тавигдсан ажил хэрэгч хувцасны стандартыг дагана л даа. Загвар, өнгө, материалын хувьд трэнд зөвхөн тухайн орны онцлогт л тохирсон байх хэрэгтэй.
-2015 онд ямар ажил хэрэгч хувцасны загвар гаргахаар ажиллаж байна вэ?
-Эрэгтэй хослол бол дэлхийн жишигт нийцсэн стандарттай байх ёстой. Эмэгтэйчүүд аливаа нийгэмд ажил хэрэгч, бизнес уулзалтанд ороход эмэгтэй гэдэг утгаар нь харилцагч нь “Жаахан бодох хэрэгтэй юм байна” гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Тийм учраас эмэгтэй хүн тэр сэтгэгдлийг дарахуйц хүчирхэг харагдах ёстой. Хар хөх, номин ногоон, хар өнгийг сонгож хэрэглэж болно. Гэхдээ хэтэрхий задгай харагдаж болохгүй. Эмэгтэйлэг байна гэхээр эмэгтэйчүүд маань задгай хувцаслах хандлагатай байдаг. Тэгсэн хэрнээ задгайлахгүй гээд эрэгтэй хүн шиг ажил хэрэгч цамц пиджак өмсөх гээд байдаг шүү дээ. Тэгтэл эмэгтэй хүн гоё, эмэгтэйлэг харагдмаар байгаа шүү дээ. Юугаар энэ бүгдийн жин банг тааруулах вэ гэвэл аксесуар. Эсвэл хар өнгийн хослол өмслөө гэхэд гоё хээтэй цайвар өнгийн цамц ч өмсөж болно. Ер нь маш энгийн хэрнээ эмэгтэйлэг, хүчирхэг харагдаж болно. Хар өнгийн хослол дээр нарийхан улаан бүс бүсэлвэл гоё харагддаг шүү дээ. Бид нар ярьдаг шүү дээ, “Энгийн байх тусмаа агуу байдаг” гэж. Яг л үүнтэй адил эмэгтэй хүн энгийн хэрнээ чамин харагдаж болно. Гэхдээ ажил хэрэгч хувцас сүүлийн үед жаахан үндэсний чиглэл рүү хандах нь элбэг байна л даа. Хоёр жилийн өмнө үндэсний хэв маягтай ажил хэрэгч хувцасны загвар гэвэл хүмүүс нэг их ойлголтгүй байсан шүү дээ. Харин энэ жилийн хувьд үндэсний хэв маягийг ойлгодог хүн харьцангуй олширч байх шиг байна. Манай үйлчлүүлэгчдийн хувьд ч энэ төрлийн загварыг нилээд сонирхож байгаа ажиглагдсан.
Салбар салбартаа “топ” тодотголтой гурван уран бүтээлчийн яриаг уншигчдадаа хүргэлээ. Тэд 2015 онд ерөнхийдөө үндэсний хэв маягийг агуулсан хувцас зонхилно гэдгийг хэлж байна. Нээрээ ч үндэсний тодотголтой хувцсаар гангарч, үндэс угсаагаараа гайхуулах залуус хотын маань гудамжаар нэлээд явж байгаа харагддаг. Дэлхийн брэндээс татгалзаж үндэсний брэндтэй болох цаг удахгүй ирэх нь ээ. Магадгүй Монгол кодтой өдөр тутмын загварын бие даасан төрөл бий болохыг ч үгүйсгэхгүй юм.
|